1206 онд байгуулагдсан Монголын эзэнт улсын төрийн тусгаар тогтнол 17
дугаар зуунд алдагдсан бөгөөд энэ нь түүний дотоод байдал болон гадаад
хүчин зүйлстэй салшгүй холбоотой юм. Дотоод улс төрийн байдлын хувьд
Монгол улсын нэгдмэл байдал алдагдаж, Халх Монгол, Өмнөд Монгол, Ойрад
буюу Баруун Монгол гэсэн хэсэгт хуваагдсан байв. Үүний зэрэгцээ
Буриадууд Байгаль нуурын ар өврөөр нутаглаж, Халхын ноёдод татвар төлдөг
байжээ. Монголчууд зүүн баруун гэж хуваагдах болсон нь газар нутгийн
байршил, эрхлэх аж ахуйтайгаа холбоотойгоор тэртээ 11 дүгээр зууны үеэс
ойн, талын гэж ялгагдах болсноос эхтэй. Байгаль нуурын баруун, Хөвсгөл
нуурын зүүн хойд захаар нутаглаж байсан ойрадууд 1207 онд Монголын эзэнт
улсын бүрэлдэхүүнд орсноор засаг захиргааны хувьд дөрвөн мянганд зохион
байгуулагдсан байна. Энэ үеэс түүхэнд дөрвөн ойрад хэмээн тэмдэглэгдэх
болсон байдаг. Ойрад хэмээх нэрийн хувьд “ойн”, “ард” хэмээх хоёр үгнээс
үүсэн гэж ихэнх эрдэмтэд үздэг. Тэд хожим Алтай тийш нүүн нутаглах
болсон бөгөөд 17 дугаар зууны эхэн үед Цорос, Торгууд, Дөрвөд, Хошууд
гэсэн дөрвөн аймгаас бүрдэх болжээ. Халх бол Зүүн Монголын зургаан
түмний нэг бөгөөд дотроо долоон хошуу буюу Батмөнх хааны отгон хүү
Гэрсэнз жалайр хунтайжийн долоо хүүгийн эзэмшилд хуваагдаж байв. Харин
17 дугаар зууны үе болж ирэхэд тэдгээр язгууртны удам дотроос Түшээт
хан, Сэцэн хан, Засагт хан нар ихээхэн нөлөөтэй болсон байна. Тэд
Монголын уугуул нутгийг сахиж, говийн хойд талд нутаглаж байсан явдал нь
бусдаас харьцангуй тусгаар байдалтай болгожээ. Зүүн Монголын бусад
зургаан түмний үр хойчис бол их говийн өмнүүр нутаглах Өмнөд Монгол
бөгөөд тухайн үед Цахар, Хорчин, Түмэд, Юншээбүү, Ордос, Найман, Жарууд
зэрэг 16 аймаг байжээ. Ийнхүү монголчууд түүхэн хөгжлийн явц болон
байгаль-газарзүйн хүчин нөхцөлийн улмаас дээрхи гурван хэсэгт хуваагдах
болсон төдийгүй дотроо мөн олон язгууртнуудын эзэмшил болох хошуунд
хуваагдаж байв. Монголын язгууртан ноёд харьцангуй өргөн уудам билчээр
нутаг, тодорхой өмч хөрөнгө бүхий хамжлага өрх айлуудыг эзэмшин захирч
байсан юм. Тиймээс ч эдийн засгийн хувьд харьцангуй биеэ даасан
язгууртан ноёд хааны төв захиргааг эсэргүүцэх нь түгээмэл байжээ. Гадаад
байдлын хувьд 17 дугаар зууны эхэнд үед Монголын умард болон өмнө талд
Орос болон Манж улсууд хүчирхэгжин гарч ирсэн юм. Оросууд 16 дугаар
зууны дунд үеэс Байгаль нуурын ар өвөрт нэгэнт нэвтрэн ирж, 1651 онд
Эрхүү, 1653 онд Чита хотын суурийг тавьжээ. Монголын зүүн урд талаар
хиллэж байсан манжийн Нурхач баатар (1575-1626) зүрчидийн олон аймгийг
нэгтгэж, 1616 онд Умард Алтан улс байгуулагдсан байна. Тэрээр улсаа
байгуулсан үеэсээ хөрш зэргэлдээ улс орныг эрхшээлдээ оруулахад чиглэсэн
бодлого баримтлах болжээ. Жишээ нь, 1618 оноос хятадын Мин улс руу,
1619 онд Солонгос руу довтолж байв. (Монгол улсын түүх IV боть, ШУА
Түүхийн Хүрээлэн, Улаанбаатар 2003, тал 54) Тиймээс ч Мин улс Монголын
хаан Лигдэнтэй манжийн эсрэг эвсэл байгуулж байсан байдаг. Ингээд
Монголын Лигдэн хаан болон шинээр хүчирхэгжин гарч ирсэн манжийн хааны
хооронд хэн нь тус бүс нутагт ноёрхлоо тогтоохын төлөө тэмцэл өрнөсөн
байна. Түүхэн сурвалжийн мэдээнээс үзэхэд тус тэмцэлд Лигдэн хаан
ялагджээ. Тэрээр дахин хүчээ сэлбэх зорилгоор Хөх нуур луу явах замдаа
1634 онд өвчнөөр тэнгэрт хальсан байна. Ингээд манжийн хааны сүр хүч,
нэр нөлөө ихээхэн нэмэгдсэн тул 1636 онд Өмнөд Монголын 49 ноёдын
чуулганаар түүний эзэн эрхийг нь хүлээн зөвшөөрчээ. Тухайн үед Баруун
Монголын Торгууд болон Дөрвөдийн зарим хэсэг баруун тийш нүүдэллэн Ижил
мөрөнд очиж суурьшсан нь өнөөгийн Халимагийн өвөг дээдэс юм. Мөн Гүүш
хан хэмээн алдаршсан Хошуудын Төрбайх ноён 1636 онд Хөх нуурыг эзэлсэн
төдийгүй 1642 онд Төвдийн хаан өргөмжлөгдсөн байдаг. Түүний удам 1717
онд Зүүнгарын хаант улс Хөх нуур Төвдийг эзлэх хүртэл тус бүс нутгийг
захирч байлаа. Ийнхүү Гүүш ханы үед Хошуудууд Хөх нуурт шилжин суурьсан
бөгөөд хожим Хөх нуурын монголчууд хэмээн нэрлэгдэх болсон байдаг. Тэд
1723 онд Манжийн эзэнт улсад дагаар орсонд 29 хошуунд зохион байгуулжээ.
Харин Цоросын Эрдэнэбаатар хунтайж баруун Монголын үлдсэн хэсгийг
нэгтгэн Зүүнгарын хаант улсыг байгуулсан байна.Халхыг Сэцэн хан Шолой,
Түшээт хан Гомбодорж, Засагт хан Субадай нар захирч байсан бөгөөд энэ
үеийг түүхэнд Халхын хаант улс, Халхын 3 Хаант улс хэмээн тэмдэглэсэн
байдаг. Өмнөд Монголын аймгууд манжийн хаанд дагаар орж, манжийн
түрэмгийлэл бодитой нүүрлэх болсонд Халхын Сэцэн хан Шолой, Түшээт хан
Гомбодорж, Засагт хан Субадай, Зүүнгарын Эрдэнэбаатар хунтайж, Хошуудын
Гүүш хан нар Монголд шарын шашныг улам дэлгэрүүлэх замаар монголчуудын
оюун санааны нэгдлийг буй болгох, өөр хоорондын харилцааг харилцан
зохицуулах зэргээр эв нэгдлийг бататгах нэгэн ижил бодлого баримтлах
болжээ. Түүний тод нотолгоо нь 1640 оны Тарвагатайн Халх Ойрадын чуулган
бөгөөд тус чуулганаас Дөчин дөрвөн хоёрын их цааз хэмээх эрх зүйн
баримт бичгийн баталсан явдал юм. Мөн 1639 онд Түшээт хан Гомбодоржийн
таван настай хүү Занабазарыг Халх Монголын шашны тэргүүнээр өргөмжилсөн
байдаг. Гэтэл дээрх нөлөө бүхий ноёд бараг нэгэн зэрэг шахам таалал
төгсөж, (1652 онд Сэцэн хан Шолой, 1655 онд Түшээт хан Гомбодорж, Гүүш
хан Төрбайх нар, 1660 онд Эрдэнэбаатар хунтайж) тэдний залгамжлагчид
эцэг өвгөдийн бодлогыг үргэлжлүүлж чадаагүй явдал Монголын цаашдын
тусгаар тогтнол алдагдах эх суурийг тавьсан байна. Тухайлбал Түшээт хан
Чахундорж болон Зүүнгарын Галдан бошигт хаан хоёр учир зүйгээ
ололцоогүйн улмаас Галдан бошигт Халхад цэрэглэн орсон байдаг. Түүний үр
дагавар нь Халхын ноёд албат ардаа аван өмнөд Монголын нутагт зугатан
очиж, манжийн хаанаас тусламж хүсчээ. Манжийн хаан дагаар орсон
тохиолдолд туслах боломжтой гэсэн хариу өгсөн бөгөөд Халхын ноёдын 1689
оны Ар элстэйн чуулганаар манжид дагаар орох шийдвэр гаргажээ. Яг энэ
үед мөн буриадууд Оросын эзэн эрхийг хүлээн зөвшөөрч татвар төлөх
болжээ. Энэ тухай “Буриадууд 1689 оны 1 дүгээр сарын 15-нд Оросын цагаан
хаанд захирагдахаа илэрхийлж гэрээ байгуулсан” хэмээн А. Рупен
тэмдэглэсэн байдаг. (А. Рупен, ХХ зууны монголчууд, Улаанбаатар 2000,
тал 126) Тэд өмнө нь Халхын ноёдод татвар төлдөгөөр шалтаглан Орост
татвар төлөхөөс зайлсхийж ирсэн боловч өмгөөлөл авах Халх нь Ойрадуудад
ялагдсан үе таарсан нь Оросын эзэн эрхийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн
бизээ. Ингээд 1691 онд Долоннуурт Халхыг Чин улсын бүрэлдэхүүнд авах их
ёслол болжээ. Ийнхүү Халх Монгол 1691 онд тусгаар тогтнолоо алдсан
билээ. Манж Монголын цэрэг 1696 онд Галданд шийдвэрлэх цохилт өгсөн
байдаг. Тэрээр Хаант Оросоос тусламж хүссэн боловч 1689 онд Нэрчүүд
Манж-Оросын хооронд найрамдлын гэрээ байгуулагдсан байсан тул бүтэлгүй
болсон юм. Мөн тухайн үед түүний ах Сэнгийн хүү Цэвээнравдан Зүүнгарын
хаан хэмээн өргөмжлөгдсөн тул нутаг буцах боломжгүй болсон бололтой.
Ингээд ямар ч дэмжлэггүй болсон Галдан 1697 онд хор хүртэж таалал
төгсжээ. Монголын тусгаар тогтнолын сүүлийн голомт Зүүнгарын хаант улс
Цэвээнравдан, Галданцэрэн хаан нарын үед тусгаар тогтнолоо тууштай
хамгаалж байсан ч Галданцэрэнгийн дараа дахин хаан ширээний тэмцэл
өрнөсөн явдал тусгаар тогтнолоо алдахад хүргэжээ. Тодорхой өгүүлбэл
манжийн хаан Зүүнгарт хаан ширээний төлөө тэмцэл өрнөсөн энэ үеийг
ашиглан эзлэн авахаар шийдвэрлэж, манж, хятад төдийгүй Өмнөд Монгол,
Цахар, Барга, Халхаас цэрэг татаж 1755 оны 7 сар гэхэд Зүүнгарын хаант
улсыг эзлэн авсан байна. Үүний өмнө буюу 1723 онд Хөх нуур болон Төвдийг
эзлэн аваад байлаа. Ийнхүү манжийн хаадын 1620-иод оноос 1755 он хүртэл
130-aад жилийн турш явуулсан цэрэг-улс төрийн бодлогын дүнд Монголын
тусгаар тогтнол алдагдсан билээ. Манжийн хааны эзэн эрхийг хүлээн
зөвшөөрч, дагаар орсон Монголын язгууртан ноёд манжийн хаанаас хэргэм
зэрэг хүртэж, жил бүр тухайн хэргэм зэргийнхээ дэвээр цалин пүнлүү авах
болсон байна. Түүгээр ч зогсохгүй зарим нэр нөлөө бүхий ноёд эсхүл
манжийн төрд гавьяа байгуулсан ноёд манжийн хааны гүнжтэй ураг барилдаж,
худ ургийн холбоотон болж байв. Мөн тэд өөр өөрсдийн эзэмшил хошуу
нутгаа захирах эрхээ хадгалан үлдсэн юм. Харин тэд жил бүр манжийн хаанд
бэлэг өргөж, хааны амар мэндийг эрэх үүрэгтэй байв. Энэ бол хаанд үнэнч
байгаагаа харуулж буй хэрэг юм. Мөн албат ардаасаа татвар хураан авч
улсын санд тушаах, шаардлагатай үед цэрэг эрс гарган нийлүүлэх, эзэнт
гүрний хойд хилийг манах үүрэг хүлээжээ. Өөрөөр хэлбэл Монголын ноёд
манжийн хааны вассал буюу түшмэг болсон юм. Харин гадаад харилцааны
хувьд бие даасан эрхгүй байв. Ийнхүү манжийн хаан язгууртан ноёдоор нь
дамжуулан Монголыг захирах болсон бөгөөд харин үүнийгээ баталгаатай
болгох зорилгоор хошуу захирах эрх мэдэл бүхий ноёдын тоог улам
олшруулах бодлого явуулсан байдаг. Түүний үр дүнд 1691 онд Халхад хошуу
захирсан 8 засаг ноён байсан бол ХХ зууны эхэн гэхэд 86 болсон байлаа.
Мөн дайнч монголчуудыг номхон хүлцэнгүй байлгах үүднээс шарын шашныг
хөхүүлэн дэмжих, цай тамхи, гурил будаа, даавуу даалимба зэрэг
материаллаг хэрэгцээг нь байнга хангах сүлжээг бий болгожээ. Ийнхүү
Монголыг манжийн эзэнт улсын вассал маягаар хоёр зууныг элээх хооронд
дэлхийн улс төрийн байдал эрс өөрчлөгдсөн байлаа. Газарзүйн их нээлт,
европын орнуудын хөрнгөтнийн хувьсгалын үр дүнд шинэ их гүрнүүд төрөн
гарч, колоничлолын эрин үеийг нэгэнт эхлүүлээд байв. Тэд ХХ зууны эхэн
гэхэд манжийн эзэнт улсад эрх тэгш бус гэрээг хүчээр тулган байгуулах
болсноор хэрэг дээрээ тус улсыг өөр өөрсдийн нөлөөний хүрээнд хуваан
авах болсон юм. Энэ нь Хятад оронд гадаадынхыг эсэргүүцсэн бослого
хөдөлгөөн үүсэхэд хүргэсэн төдийгүй хятадын үндэсний сэхээтэн,
хөрөнгөтнүүд харийн манж угсаатныг хөөн гаргах, хаант ёсыг халж БН улс
байгуулахыг уриалан дуудах болжээ. Мөн Монгол, Хятадыг эзлэн
түрэмгийлсэн урьдын хүчирхэг манж угсаатан нэгэнт үгүй болж, төрийн
бодлого бүрэн хятадчилагдсан байлаа. Үүний жишээ нь “Шинэ засгийн
бодлого” хэмээх шинэчлэлтийн бодлого юм. Монголын хувьд энэхүү бодлого
нь түүний вассалын статусыг эвдэж, Хятадын нэгэн муж болгох зорилготой
байлаа. Тухайлбал түүнийгээ хэрэгжүүлэхээр хятадууд монгол нутагт
суурьших, монгол хятад хүмүүс ураг барилдах, монгол хүн хятад нэр
хэрэглэх зэргийг хориглосон манжийн хуулийг хүчингүй болгож, хятад
иргэдийг олноор нь монгол нутагт нүүлгэн шилжүүлж тариалан эрхлүүлэх,
ашигт малтмал бүхий газрыг нээн олж уурхай нээх зэрэг арга хэмжээ авч
эхэлжээ. Ийнхүү монгол үндэстний язгуур эрх ашиг хөндөгдсөн явдал
Монголд эрх чөлөөний хөдөлгөөн газар сайгүй өрнөхөд хүргэжээ. Харин
түүнийг зарим ноёд лам нар удирдан зохион байгуулж, тусгаар тогтносон
төр улсаа сэргээн байгуулах үйлсийг сэдсэн билээ. Энэ нь манжийн
хаанчлалын сүүлийн жилүүдэд тэдний цалин пүнлүүг тавих явдал тасалдах
болсон, хэргэм зэргийг хахууль авч байж сая залгамжлуулах болсон, шарын
шашныг дэмжих бодлого өөрчлөгдсөн зэргээс үүдэлтэй байв. Мөн монголын
ард олон төдийгүй язгууртан ноёд хятадын пүүсэнд төлж дийлэхгүй өрөнд
унасан явдал нөлөөлсөн бизээ. 1911 оны зун Халхын ноёдын нууц чуулган Их
Хүрээнд болж, манжийн шинэ засгийн бодлогын талаар хэлэлцсэн байна. Энэ
үеэр Халхын зарим ноёд тусгаар улсаа сэргээн байгуулах, уг үйл хэрэгт
Хаант Оросоос дэмжлэг гуйхаар хэлэлцэн тогтжээ. Ингээд Монголын
төлөөлөгчдөөр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, өвөрмонголын Хайсан
нар явсан бөгөөд тэд Халхын хаадын тамгатай тусламжийн бичгийн зэрэгцээ
худалдаа болон төмөр зам тавих, шуудан харилцаа өргөтгөх хэлэлцээр
байгуулах санал тавьжээ. (Монгол улсын түүх, V боть, Улаанбаатар 2003,
тал 54) Оросын Засгийн газар Монголын асуудлаар хуралдаан хийж, Монголын
асуудалд идэвхитэй оролцохгүйгээр манж монголын хооронд зуучлан,
монголчуудын язгуур эрх ашгаа хамгаалах явдлыг дипломат замаар дэмжих
шийдвэр гаргасан байна. Харин 1911 оны 10 сард Хятадын өмнөд мужид
хөрөнгөтний хувьсгал гарч, манжийн хааны байр суурь ихээхэн суларсан
явдал монголчуудад таатай боломж олгосон юм. Тиймээс ч Халхын ноёд
“Халхын Хүрээний газрын хэргийг түр эрхлэн шийтгэх газар” хэмээх түр
засгийн газрын шинжтэй байгууллага байгуулжээ. Түүний үндсэн үүрэг нь
Монголын тусгаар тогтнолын бэлтгэлийг хангах явдал байв. Тухайлбал тус
газраас гадаад, дотоод монгол, хөх нуур, барга, алашаа зэрэг бүх
монголын засаг ноёдод Жавзандамба Хутагтыг хаан өргөмжлөн тусгаар улс
байгуулах тухай мэдэгдэж, тус тусын харьяат хошуу нутгийг цэрэг томилон
хамгаалах, манж, хятад түшмэдийг хөөн гаргах тушаал хүргүүлжээ. Ингээд
1911 оны 12 дугаар сарын 29-нд Жавзандамба Хутагтыг шашин, төрийг хослон
барьсан наран гэрэлт, түмэн наст Богд хаан хэмээн Монгол улсын хаан
ширээнд өргөмжлөх их ёслолыг Их Хүрээнд хийсэн байна. Энэ бол тусгаар
тогтносон Монгол улс байгуулагдсаныг албан ёсоор тунхаглан зарласан
хэрэг байлаа. Тусгаар тогтнолын энэ өдрийг 1941 он хүртэл жил бүр дурсан
тэмдэглэдэг байв. (Л. Жамсран, Олноо өргөгдсөн Монгол улс, Тусгаар
тогтнол сонин, 1990.12.29 №102) Богд хаан анхны зарлигаараа өрнөдийн
жишгээр таван яам бүхий Засгийн газар байгуулжээ. Монголын төр сэргэн
байгуулагдмагц нийт монголчууд даяар тусгаар улсдаа нэгдэн нийлэх
хөдөлгөөн өрнөсөн билээ. Их Хүрээ дэхь манжийн амбан сайдыг 1911 оны 12
сарын 4-нд, Улиастай дахь манжийн жанжинг 1912 оны 1 сарын 12-нд хөөн
гаргаснаар Халх Монгол яг 220 жил тогтсон манжийн ноёрхлыг түлхэн
унагаасан юм. Хөлөнбуйрын Баргууд 1912 оны 1 сарын 2-нд манж түшмэдийг
хөөн гаргаж, Монгол улсад нэгдэн орж буйгаа албан ёсоор илэрхийлжээ.
Харин Ховдын хязгаар дахь манжийн амбан эсэргүүцсэн тул цэргийн хүчээр
1912 оны 8 сарын 7-нд эзлэн авсан байдаг. Мөн Дарьганга 1912 оны 3 сард
Богдын засгийн газрыг хүлээн зөвшөөрч, Монгол улсад албан ёсоор нэгдэн
орсон юм. Өмнөд Монголын хувьд 49 хошууны 35 нь Богдын засгийн газрыг
хүлээн зөвшөөрч, Монгол улсад нэгдэн нийлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн
байна. Харин Хөх нуур, Алашаа зэрэг хэт алслагдсан газрын монголчууд
тусгаар улсдаа нэгдэн орох боломжгүй шахам болсон байлаа. Жишээ нь, энэ
тухай Алашаагийн засаг ноён Нийслэл Хүрээнд “Манай Алашаа нутаг уулсын
дунд хуваагдсан, эргэн тойрон 13 сяньтай (сянь-хятадын засаг захиргааны
нэгж) зах нийлж иргэн нутгийн дотор бүхий адгийн хязгаар учир бослого
гарган тэмцэх хэцүү, хүчин мөхөсдөн хий дэмий алмайран гайхсаар өдрийг
өнгөрүүлэн байна” (Ш. Сандаг, Монголын улс төрийн гадаад харилцаа,
Улаанбаатар 1971, тал 306) хэмээн мэдэгдэж байжээ. Гэвч Монгол улсын
тусгаар тогтнол бусад улсууд, ялангуяа хөрш хоёр улсаараа хүлээн
зөвшөөрөгдсөн тохиолдолд л бүрэн хангагдах ёстой болсон юм. Тухайн үеийн
олон улсын харилцаанд алив улсын тусгаар тогтнолыг хүрээлэн буй улсууд
хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л оршин тогтнож болдог практик нэгэнт
тогтоод байлаа. Энэ зарчим 1648 оны “Вэстфалийн гэрээ” хэмээн алдаршсан
хэлэлцээрээс эхтэй билээ. Европын түүхэнд гучин жилийн дайн гэж
тэмдэглэгдсэн дайныг эцэслэсэн дээрх хэлэлцээрээр Германы олон
ванлигуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгвэл Монгол
улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал тус бүс нутгийг
сонирхогч их гүрнүүдийн дунд “Монголын асуудал” хэмээх нилээд маргаантай
асуудлыг буй болгосон юм. Өөрөөр хэлбэл алс дорнод дахь их гүрнүүдийн
сонирхол хийгээд Монголын талаарх хөрш хоёр орны байр суурь Монголын
тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөнгүй. Хаант Орос Япон хоёр 1907, 1910
оны нууц гэрээгээр Монгол Манжуур дахь эрх ашгийн хүрээгээ нэгэнт
тодорхойлчихоод байв. Тухайлбал Орос-Японы 1907 оны 7 сарын 30-ны
гэрээнд “Японы эзэн хааны засгийн газар Орос улсын Гадаад Монгол дахь
тусгай сонирхлыг хүлээн зөвшөөрч, тэрхүү сонирхолд хохирол учруулж
болохуйц аливаа оролдлогоос татгалзахыг үүрэг болгоно” (Баабар, ХХ зууны
Монгол, Улаанбаатар 1996, тал 157) гэжээ. Энэхүү гэрээнд анх удаа
Гадаад Монгол хэмээх нэрийг хэрэглэсэн бөгөөд үүнээс хойш олон улсын эрх
зүйн баримтад хэрэглэгдэх болсон юм. Манжийн хаад анх цагаан хэрмээс
хойшхи нүүдэлчдийг гадаад муж хэмээн нэрлэж байсан боловч хожмоо өмнөд
Монголын 49 хошууг дотоод засаг, Халх, Ховдын хязгаар, Хөх нуурын зэрэг
бусад 150 хошууг гадаад засаг хэмээн нэрлэх болсон байдаг. Харин дээрх
гэрээнд Монголын аль хэсгийг хамруулан үзсэн нь тодорхой бус үлдсэн юм.
Монгол нь Оросын хувьд худалдаа, эдийн засгийн ашиг сонирхлын бүс нутаг
байсны зэрэгцээ түүний алс дорнод дахь хилийн аюулгүй байдлын хувьд
стратегийн чухал ач холбогдолтой байв. Тиймээс Орос улс Монголыг өөрийн
нөлөөний бүс гэдгийг Япон төдийгүй Англи, Францаар хүлээн зөвшөөрүүлээд
байсан юм. Гэхдээ тэд Монголын тусгаар тогтнолыг бүрэн дэмжих бодол
байсангүй. Энэ нь дараах хоёр шалтгаанаас үүдэлтэй байв.
Монголын тухайн үеийн хүчин чадлыг дүгнэн үзээд Монголын тусгаар тогтнолыг бүрэн дэмжих нь өөртөө хэтэрхий өндөр хариуцлага хүлээх болно хэмээн болгоомжилжээ. Тухайлбал ГЯЯ-ны сайд Д. Сазанов төрийн Думын хуралдаан дээр “Халх бол бие даасан улс болох түүхийн хувьд бэлтгэгдээгүй юм. Учир нь цэрэг, санхүү, төрийн зүтгэлтэн байхгүй” гэж хэлж байжээ.
Монголын асуудлаас болж бусад гүрнүүдтэй харилцаагаа хурцатгах ялангуяа Хятадтай сайн хөршийн харилцаагаа бусниулах сонирхолгүй байв. Үнэхээр ч зэрэг шахам манжийн ноёрхлоос гарсан Хятадын БН улс Монголыг өөрийн нэгэн муж гэсэн байр суурийг тууштай баримталж, түүний тусгаар тогтнолыг сонсохыг ч хүсэхгүй байсан юм. Жишээ нь, БНХУ-ын 1912 оны 3 сарын 10-ны үндсэн хуульд “БНХУ-ын газар нутаг 22 муж, Гадаад, Дотоод Монгол, Төвд, Хөх нуураас бүрдэнэ” (Udo B. Barkmann, Geschichte der Mongolei, Bonn 1999, S. 123) гэж заасан байдаг.
Гэвч Монголын бодит байдал болон хууль ёсны Засгийн газрыг огт хэрэгсэхгүй байж чадаагүй юм. 1912 оны 10 сард Хаант Орос болон Монголын хооронд найрамдлын гэрээ болон худалдааны протокол байгуулсан. Энэхүү гэрээгээр Орост худалдааны давуу эрх олгосны зэрэгцээ Оросын зүгээс Гадаад Монголд автономит засаг байгуулах, Хятадын цэрэг нутагтаа оруулахгүй байхад нь туслах үүрэг хүлээжээ. Орос болон Хятад Монголын асуудлаар нилээд удаан маргасны эцэст 1913 оны 10 сарын 23-нд Монголын тухай тунхаг гаргасан. Түүнд Орос улс, Монгол дахь Хятадын эзэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бол Хятад улс Гадаад Монголын автономитыг хүлээн зөвшөөрчээ. Мөн энэ үеэр Урианхайг Орос, Алтайн хязгаарыг Хятад авахаар хэлэлцэн тохирсон байна. Ингээд 1914-15 оны Монгол, Хятад, Орос гурван улсын Хиагтын хэлэлцээрээр Монгол улсын тусгаар тогтнолын статусыг эвдэж, зөвхөн Гадаад Монгол нь Хятадын эзэн эрхийн дор орших, автономит улс гэсэн статусыг тулган хүлээлгэсэн төдийгүй газар нутгийн хувьд Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаараас бүрдэнэ гэж заажээ. Гэвч Гадаад Монгол нь өөрийн эзэн хаантай, үндэсний засгийн газартай, тодорхойлон тогтоосон хил хязгаартай, үндэсний цэрэг армитай байх, бусад улстай худалдаа, үйлдвэрийн салбарт гэрээ, хэлэлцээр байгуулахыг хоёр хөрш нь хүлээн зөвшөөрсөн юм. Энэ л статус 1946 он хүртэл үйлчилж байсан билээ. Мөн энэхүү Хиагтын гэрээнд Барга болон Өмнөд Монголыг автономит Гадаад Монгол улсын гадна үлдээснээр тэднийг Хятадын харьяанд орох эрх зүйн үндсийг тавьсан юм.Хятадын генерал Сю Шү-жан Монголын автономит засгийг 1919 оны 11 сарын 22-нд устгасныг зарласан Хятадын ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгосноор автономит Монголын тусгаар тогтнол алдагдсан билээ. Энэ бол Орост хувьсгал гарч, хүчний харьцаа алдагдсан үеийг ашиглан Хятадууд санасандаа хүрсэн хэрэг байв. Харин 1921 оны 2 сард Барон Унгерн Штернберг Нийслэл Хүрээг Хятадын цэргээс чөлөөлж Богдыг дахин хаан ширээнд залж, Засгийн газрыг байгуулсан нь автономит Монгол улсыг сэргээн байгуулсан хэрэг байлаа. Тиймээс ч түүнд Богд хааны зарлигаар улсыг мандуулагч их баатар жанжин цолоор шагнасан байдаг. (О. Батсайхан, Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд, Улаанбаатар 2005, тал 131) 1919 онд Монголын тусгаар тогтнолыг устгасан үеэс Монголын нийгмийн янз бүрийн анги бүлгүүд тусгаар тогтнолоо сэргээн байгуулах арга замыг хайх болсон байна. Түүний дүнд ардын, түшмэдийн, ноёдын гэх бүлгэмүүд үүсчээ. Тэд автономит засгийг сэргээх нэгэн ижил зорилготой байв. Энд нэгэн зүйлийг тодотгоход тухай үеийн Монголын төрийн зүтгэлтнүүд автономит хэмээх харь үгийг өөртөө эзэрхэх буюу тусгаар тогтнол хэмээн ойлгож, тайлбарлаж байжээ. Энэ бол тусгаар тогтнолын асуудлаар монголчууд буулт хийхгүй байсан тул Оросуудын хэрэглэсэн заль юм. 1920 оны 6 сарын 25-нд ардын болон түшмэдийн бүлгэм нэгдэж МАН байгуулжээ. Улмаар тэд ЗОУ-аас тусламж гуйхаар төлөөлөгчдөө илгээсэн нь анхны долоо гэгдэх болсон байдаг. ЗОУ тусламж гуйхаар очсон монголчуудад туслахаа амласан төдийгүй түүнийгээ хэрэгжүүлснийг бид мэдэх билээ. Энэ нь дараах хоёр шалтгаантай байв:
Цагаантны хэсэг бүлэг ангиуд Монголд Барон Унгернийг тойрон нэгдэхээр тэмүүлэх болсон нь улаан армийг Монголд оруулж цагаантны хүчийг устгах шаардлагатай тулгарсан.
Монголын нөхцөл байдал нь Оросын хувьсгалчдыг дэлхийн хувьсгалын онолынхоо үүднээс Монголд хувьсгал хийх цаг үе болсон хэмээн үзэхэд хүргэжээ.
Оросын энэхүү бодлого монголчуудын эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх, тусгаар тогтнолоо сэргээн байгуулах зорилготой мэдээж нийцэж байлаа. Тэдний хувьд эх орны тусгаар тогтнол нийгмийн байгууллын хэлбэрээс илүү чухал байлаа. Ингээд Монгол болон Оросын цэрэг Нийслэл Хүрээнд ирж, улмаар эвслийн засгийн газар байгуулж, Богд хааныг хаан ширээнд өргөмжилсөн юм. Үүнийг ардын хувьсгал, үндэсний ардчилсан хувьсгал хэмээн нэрлэдэг. Харин 1924 оны 5 сард Богд хаан таалал төгссөн тул ардын засгийн газраас БН улс байгуулах шийдвэр гаргаж, улмаар 1924 оны 11 сарын 26-нд улсын анхдугаар их хурлаас анхны үндсэн хуулийг батлан гаргаж, БНМАУ-ыг тунхагласан билээ. Ийнхүү 1919 онд автономит засгийг устгаснаас хойш 1921 оны 2 сарын 21-нд автономит Монгол улс, 1921 оны 7 сарын 11-нд ардын эрхт, хэмжээт цаазат хаант Монгол улс, 1924 оны 11 сарын 26-нд БНМАУ-ыг 1915 оны Хиагтын гэрээнд заасан Гадаад Монголын нутаг дэвсгэрийн хүрээнд тус тус тунхаглан зарласан юм. Гэвч Монголын тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн үүднээс нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй байв. Орос улсын хувьд 1912 оны 10 сарын Орос-Монголын найрамдлын гэрээнд Монголын автономит засгийг хүлээн зөвшөөрсөн бол 1921 оны 11 сарын 5-ны ЗОУ-Монголын найрамдлын гэрээнд ардын засгийн газрыг Монголын хууль ёсны засгийн газар л хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Энэ бол тусгаар тогтнолыг нь бүрэн зөвшөөрөхөөс өөр асуудал билээ. Түүгээр ч зогсохгүй 1913 оны Орос Хятадын тунхаг, 1924 оны ЗОУ БНХУ-ын хоорондын харилцааг зохицуулах гэрээгээр Монгол нь Хятадын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч Орос улс хууль эрх зүйн хувьд Монголыг Хятадын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх боловч, тэндээс Хятадын нөлөөг аажмаар шахаж, өөрийн нөлөөний бүс болгох бодлогыг мөн тууштай явуулсан юм. Жишээлбэл, Гадаад хэргийн ардын комисар Г. Чичерин Монгол дахь ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч Никифоровт “БНМАУ нь Хятадын суверенитетийн дор автономи байх хэлбэрийг бид тунхаглах боловч хэрэг дээрээ улс төр, эдийн засгийн байгууллын хувьд Монголыг Зөвлөлт маягийн хэлбэрт ойртуулахын тулд бид ажиллана.” (Баабар, ХХ зууны Монгол, Улаанбаатар 1996, тал. 328) гэсэн заавар өгч байжээ. Харин дэлхийн II дайнд ЗХУ болон түүний холбоотон ялсан явдал Гадаад Монголыг Хятадаас бүрмөсөн салгаж, тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөх боломж олгосон билээ. Ингээд 1945 оны 6 сарын 30-наас 8 сарын 14-ны хугацаанд үргэлжилсэн ЗХУ БНХУ-ын хэлэлцээрийн үед Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх шаардлагыг Хятадын талд тавьжээ. Үүний өмнөхөн Ялтад болсон холбоотон гурван (ЗХУ, АНУ, Их Британи) гүрний засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтаар Гадаад Монголын статус кво-г хэвээр хадгалахаар шийдвэрлээд байсан юм. Хятадын тал Гадаад Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхөөс эрс татгалзаж байсан боловч тухайн үеийн Хятадын дотоод байдал болон олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан зөвшөөрөхөд хүрсэн байна. Гэвч тэд Гадаад Монголын ард түмэн тусгаар тогтнох хүсэлтэй байгаагаа илэрхийлэх ёстой гэсэн болзол тавьсан юм. Ингээд 1945 оны 10 сарын 20-нд БНМАУ-ын сонгуулийн эрх бүхий 487,4 хүн 100 хувь тусгаар тогтнолынхоо төлөө санал өгсөн тул 1946 оны 1 сарын 6-нд БНМАУ-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Мөн 1946 оны 2 сарын 27-нд БНМАУ-ЗХУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсанаар ЗХУ-аас БНМАУ-ыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо зарласнаар манжийн эзэнт улсын бүрэлдэхүүнээс албан ёсоор гарч, олон улсын хуулийн этгээдийн хувьд de fakto оршин тогтнох болжээ. Тухайлбал 1912 оны Монгол-Оросын найрамдлын гэрээ, 1915 оны Хиагтын гурван улсын гэрээ, 1921 оны Монгол-ЗОУ-ын найрамдлын гэрээ, 1936 оны БНМАУ-ЗХУ-ын харилцан туслалцах протокол зэрэг олон улсын гэрээ хэлэлцээрт хуулийн этгээдийн хувьд оролцож иржээ. Мөн Монголын хууль ёсны Засгийн газар 1911, 1921 онд дэлхийн улс орнуудад нот бичиг илгээж тусгаар тогтносон тухайгаа албан ёсоор мэдэгдэж байв. Түүнчлэн Монголын Засгийн газар байгуулагдсан үеэсээ дэлхийн улс орнуудтай худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох, улмаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гадаад бодлогыг тууштай явуулж иржээ. Тухайлбал 1914 онд Герман, АНУ, Англи, Францын засгийн газарт худалдааны харилцаа тогтоох саналыг албан ёсоор тавьж байсан бол 1920-иод онд Герман улстай худалдаа, эдийн засаг, боловсрол шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж байлаа. 1911 оноос 1930 он хүртэл Монголд англи, америк, герман, япон, хятад, орос, турк зэрэг олон улсын худадаачид Монголын засгийн газрын зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхэлж байв. Ийнхүү 1911 оноос de fakto оршин тогтнох болсон Монгол улс Ялтын хэлэлцээрээр Гадаад Монголын статус кво-г хүлээн зөвшөөрч, 1946 онд хоёр хөрш нь түүний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр 1946 оноос de jure оршин тогтнох болжээ.

No comments:
Post a Comment